1. ЗАВХАНЫ НЭГЭН НУТГААС АЙЛУУД ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮЖЭЭ…
ЗАВХАНЫ НЭГЭН НУТГААС АЙЛУУД ЭЭЛЖ ДАРААЛАН НҮҮЖЭЭ…
Хашгийн дөрөлжийн ойролцоо нутаглаж байсан айлууд малаа тарган, идээ цагаагаа элбэг байхад хүртэл ээлж дараалан нүүж эхэлжээ. Зарим нь бүр өвөлжөөнийхөө хашаа хороог буулгалгүй, түлэхээр бэлтгэсэн түлээгээ ч авалгүй явсан гэдэг. Хачирхалтай нь тэдний хэн нь ч чухам юунаас болж нүүж байгаагаа гаднын хүнд тодорхой хэлдэггүй байв. Гагцхүү нар жаргаснаас хойш Хашгийн дөрөлжөөр бүү даваарай хэмээн захидаг байжээ.
Анх тэр нутгаас долоон хүүхэдтэй Дашпэлжээ хэмээх айл нүүсэн байна. Олон жил нутагласан өвөлжөөгөө орхих болсон шалтгааныг нь саахалтынхан асуухад эхнэрийнх нь бие тааруу байгаа тул хүрээ бараадахаар шийдсэн хэмээн хариулжээ. Гэвч эхнэр нь нүүдэл хөдлөх өдөр хүүхдүүддээ өмнөх шөнө сонссон зүйлийнхээ тухай замд таарсан хэнд ч ярьж болохгүй хэмээн дахин дахин захиж байсныг хөрш айлын эмгэн сонссон гэдэг. Түүнээс хойш удалгүй саахалтын гурван айл мөн л нутаг сэлгэн оджээ.
Дашпэлжээгийн том хүү хожим эрийн цээнд хүрсэн хойноо тэр шөнө болсон явдлыг хуучилсан байдаг аж. Тэднийх оройн хоолоо идэж, унтахаар хэвттэл гэрийн гаднаас аавынх нь дуу гарч, том хүүгээ нэрээр нь дуудсан байна. Хүү босож гарах гэтэл аав нь гэрийн хойморт дүүг нь өвөр дээрээ унтуулан сууж байжээ. Гэрт байсан хүмүүс бие биеэ харан чимээгүй болмогц гаднаас өнөөх дуу дахин гарч, энэ удаа бага охиныг нь унтаж байгаа эсэхийг нэрээр нь асуусан гэдэг...